
Уур амьсгалын хямралыг авлига улам дордуулж байна.
Авлига дэлхий даяар хүний амь насыг аврах уур амьсгалын сангуудад заналхийлж байгаа тул олон тэрбум хүмүүсийг хамгаалахын тулд илүү сайн хамгаалалт шаардлагатай байна.
2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр. Берлин хот.
Транспэрэнси Интернэшнл (www.transparency.org) өнөөдөр нийтлэн мэдээлж буй Авлигын Төсөөллийн Индекс /АТИ/ 2024 нь дэлхий дахинд авлигын түвшин түгшүүртэй өндөр хэвээр байгааг мөн түүнийг бууруулах хүчин чармайлт суларч байгааг харуулж байна.
Нийт улс орнуудийн гуравны хоёр нь 50-с доош оноо авч энэхүү тайлан дэлхий даяар авлигын түвшин ноцтой буйг илчлэн харуулж байна.
Тус индексийн дундаж оноо өөрчлөлтгүй 43 хэвээр байгаа нь авлигын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж мөн авлига нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд дэлхий дахинд тулгарч буй томоохон саад тотгор болж байгааг харуулж байна.

Дэлхийн түүхэн дулааны рекордыг эвдэж буй дэлхийн дулаарал (https://www.bbc.com/news/articles/cd7575x8yq5o), цаг уурын аюултай үзэгдлүүд, ардчиллын элэгдэл, дэлхийн уур амьсгалын манлайлал буурч байгаа энэ үед дэлхий нийт уур амьсгалын хямралын эсрэг тэмцэл хүнд байдалд орж байна. Авлига нь энэ тэмцлийг улам хүндрүүлж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг авлига болон уур амьсгалын хямрал хоорондын уялдаа холбоог шийдвэрлэх шаардлагатай байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээс харахад олон улсын уур амьсгалын үйл ажиллагаанд хамгийн их оролцдог улс орнууд, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий улс орнууд болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал (COP) зэрэг олон улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулдаг улсууд нь АТИ-н оноо бага ба/эсвэл буурч байгааг харуулж байна.
Авлига нь бодлого хэрэгжүүлэхэд саад болж, уур амьсгалын үр дүнтэй арга хэмжээ авахад хүндрэл учруулж байна. Тус байгууллага сүүлийн тайландаа (https://www.transparency.org/en/publications/cop-co-opted-how-corruption-and-undue-influence-threaten-multilateral-climate-action) COP арга хэмжээнд газрын тос, байгалийн хийн лоббичид ихээхэн нөлөө үзүүлж, энэ нь дэлхийн улс орнуудад нөлөөлж байгааг онцолсон.


“Энэ жилийн дүн шинжилгээ чулуужсан түлшний авлига уур амьсгалын дулааралтай тэмцэх хүчин чармайлтад АНУ зэрэг орнуудад хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг дахин харууллаа. Дэлхий дахинд иргэд төр засгаасаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг шаардаж байна. Гэвч иргэдийн дуу хоолой байгаль орчны сүйрлээс ашиг олдог, шүүмжлэгчид, хүний эрхийн тэмцэгчдийг дуугүй болгодог, эрх мэдэл худалдан авдаг, бидний гэр бүл болон байгаль дэлхийг хамгаалах хамгаалалтыг нураахад олон тэрбумаар нь зарцуулдаг газрын тос, байгалийн хийн компаниудын авлигажсан эрх мэдэлтэй ахин дахин тулгарч байна. Greenpeace байгууллага болон манай холбоотнуудыг Energy Transfer гэх дамжуулах хоолойн томоохон компани биднийг асар том хуурамч хэргээр АНУ-д газрын хөрснөөс арчих аюулаар заналхийлж байна. Эдгээр дээрэнгүй корпорациудыг ямар ч үнээр хамаагүй эсэргүүцэх нь ирээдүйн төлөө санаа тавьдаг бид бүгдээс хамаарна” гэж Greenpeace International-н Гүйцэтгэх захирал Мэдс Кристэнсэн тэмдэглэв.

АВЛИГА БА УУР АМЬСГАЛЫН ХЯМРАЛ
АТИ авлигын замаар алдагдах эсхүл зүй бусаар ашиглагдах эрсдэлтэй олон тэрбум долларын уур амьсгалын сангуудыг онцолж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий ихэнх улс орнууд АТИ-д 50-аас доош оноо авчээ. Авлига нь тэднийг хамгаалах зорилготой уур амьсгалын төслүүдэд сөргөөр нөлөөлж байгаа тул асар олон тооны хүмүүс эрсдэлд орж байна бөгөөд yэдгээр хөрөнгийг үр дүнтэй ашиглахын тулд ил тод, хариуцлагатай арга хэмжээ авах нэн чухал хэрэгцээ шаардлагыг харуулж байна.
Транспэрэнси интернэшнлийн сүүлийн судалгаа авлига нь “цэвэр тэг рүү шударга шилжилт"-ийг хэрхэн дордуулж болохыг харуулж байна. Тус судалгаанд Өмнөд Африкийн БНУ (41), БНА Вьетнам Улс (40), БН Индонез Улс (37)-н жишээг авч хамгаалалт хангалтгүй байгаа нь шударга бус этгээдүүдэд боломж олгож байгааг онцолсон.
Өмнөд Африкийн БНУ (41)-д нэг тэрбум орчим ранд (56 сая гаруй ам. доллар) төрийн өмчит эрчим хүч нийлүүлэгч Eskom-оос сар бүр хулгайд алддаг гэж тус компанийн гүйцэтгэх захирал асан мэдэгджэ.
Өмнөд Судан (8), Сомали (9), Венесуэл (10) зэрэг уур амьсгалын хямралын үр дагаварт хүнд өртөж буй орнууд хамгийн бага оноотой байна. Сомали улсад уур амьсгалын өөрчлөлт нь тус улсын хөдөө аж ахуйн эдийн засгийг сүйрүүлж, 30 жил үргэлжилсэн мөргөлдөөнийг улам бүр дордуулж байна.
Уг тайлан уур амьсгалын дипломат харилцааны гол тоглогчид авлигатай хэр зэрэг тэмцэж байгааг мөн илчилсэн бөгөөд тайлангийн авторууд COP хэлэлцээ гэх зэрэг олон талт хамтын ажиллагааны үр нөлөөг сулруулж байна гэж үзэж байна.
COP29-д дор хаяж 1773 чулуужсан түлшний лоббичдод нэвтрэх зөвшөөрөл олгосон зохион байгуулагч Азербайжан Улс ердөө 22 оноо авсан.
COP30-н зохион байгуулагч Бразил Улс 2035 он гэхэд 1.3 их наяд ам.долларын уур амьсгалын санхүүжилтын зорилтод хүрэх үүрэгтэй боловч энэ жилийн АТИ дээр түүхэндээ хамгийн доод оноо болох 34 оноо авлаа.
G20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй Өмнөд Африкийн БНУ (41) 2019 оноос хойш гурван оноо буурчээ.
Уур амьсгалын бодлогод саад учруулах, зүй бус нөлөө үзүүлэх асуудал авлигын түвшин өндөр, бага улсуудад аль алинд нь тохиолдож болно. Гэсэн хэдий ч чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудад энэ хөндлөнгийн оролцоо хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн хэмжээнд тэсвэрлэх чадварыг бий болгох зорилгууд дээр тохиролцох ажилд сөргөөр нөлөөлж хамгийн ноцтой нөлөө үзүүлж байна. НҮБ-н Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын гишүүн болох АНУ (65), Канад Улс (75), Шинэ Зеланд (83) нарын оноо мэдэгдэхүйц буурсан байна. Энэ нь эдгээр орнуудын бодлого, хууль батлах үйл явц зүй бус нөлөөнд илүү өртөмтгий болж, дэлхийн уур амьсгалын манлайлал суларч байгааг харуулж байна.
АТИ нь мөн уур амьсгалын өөрчлөлтийн авлигын хүний хохирлыг онцолж байна.
Газар болон байгаль орчны хамгаалагчид цаг уурын хямралын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд байдаг. Гэвч тэдний хүчин чармайлт нь тэднийг айлган сүрдүүлэх, хүчирхийлэл, бүр аллагад хүргэдэг. Энэ нь авлигын ноцтой асуудалтай улс орнуудад хамгийн түгээмэл тохиолддог - 2019 оноос хойш байгаль орчны хамгаалагчдыг хөнөөсөн бараг бүх 1013 хэрэг АТИ-н 50-аас доош оноотой орнуудад гарсан байна.
ДЭЛХИЙ ДАХИНЫ 2024 ОНЫ АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙН ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ
АТИ нь 180 улс орон, бүс нутгийн нийтийн салбар (төрийн) дахь авлигын төсөөллийг тэг (их авлигатай)-ээс зуу (маш цэвэр) хүртэлх оноогоор үнэлж эрэмбэлдэг болно.
Ойролцоогоор 6.8 тэрбум хүн АТИ-н 50-аас доош оноотой орнуудад амьдарч байна. Энэ нь дэлхийн 8 тэрбум хүн амын 85% -тай тэнцэнэ.
Дани Улс (90) 7 дахь жилдээ индексийг тэргүүлж, Финлянд болон Шинэ Зеланд Улсууд тус тус 88, 84 оноотой байна.
Өмнөд Судан (8), Сомали (9), Венесуэл (10), Сири (12), Ливи (13), Эритрей (13), Йемен (13) болон Экваторын Гвиней (13) зэрэг хамгийн бага оноотой орнууд нь ихэвчлэн эмзэг, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн орнууд юм байна.
Австри (67), Бангладеш (23), Бразил (34), Куба (41), Франц (67), Герман (75), Гаити (16), Унгар (41), Иран (23), Мексик (26), ОХУ (22), Өмнөд Судан (8), Швейцарь (81), АНУ (65) болон Венесуэл (10) зэрэг түүвэрт хамрагдсан орнуудын дөрөвний нэгээс илүү нь (47) индексэд өөрсдийн түүхэн бага оноо авсан байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд дараах 7 улс АТИ-н оноо мэдэгдэхүйц сайжирсан байна.
Үүнд Кот-д’Ивуар (45), БН Доминикан Улс (36), Косово (44), Кувейт (46), Мальдив (38), Молдав (43), Замби (39) улсууд орж байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд 13 улс АТИ-н оноо мэдэгдэхүйц буурсан байна.
Томоохон бууралттай улсууд: Австри (67), Беларусь (33), Бельги (69), Эл Сальвадор (30), Франц (67), Киргизстан (25), Ливан (22), Мьянмар (16), Никарагуа (14), ОХУ (22), Шри Ланка (32), Их Британи (71), Венесуэл (10) орж байна.
Comments